Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх стратегийн судалгаа”-ны хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран “Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум”-ыг 2026 оны 10 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Форумыг нээж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан нар үг хэллээ. Форумаар Монгол, Японы төр болон хувийн хэвшил, судалгаа, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр туршлага солилцох, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөрөнгө оруулалтын саналыг хэлэлцлээ.
Японы талаас Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Нэгдсэн бодлогын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн тэргүүн дэд дарга Кацухико Кита, Олон улсын тээвэр, хот байгуулалтын төсөл дэмжих агентлагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Хидеки Окада нар Япон улсын Түншлэлийн тогтолцоо болон гадаадын төслийн дэмжлэгийн талаар илтгэл тавив.

Мөн Япон улсын Олон улс дахь Тээвэр, дэд бүтцийн төслийг дэмжих JOIN байгууллагаас илтгэл танилцуулж эдгээр салбар дахь дунд, том хэмжээний төслийн санхүү, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцүүллээ.
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Х.Алтай Монголын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, төсөл боловсруулах үнэлэх, сонгон шалгаруулах үйл явц болон төлөвлөгдөж буй төслийн талаар мэдээлэл хүргэж Японы хувийн хэвшлийн технологи, ноу-хауг нэвтрүүлэх хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Хаан банк, BESTGER байгууллагууд орон сууцны бодлого, орон сууцны чиглэлээр хэрэгжүүлж буй түншлэлийн төслүүд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд болон эрчим хүчний хэмнэлттэй пассив хаусын төслийн талаар танилцуулж түншлэлээр хамтран ажиллах, хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тус форумын дараа, 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан ноён Кацухико Кита тэргүүтэй Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж цаашид талуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тодорхой жишиг төсөл хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.









