2023 оны 10 дугаар сард буюу нэг жилийн өмнө 12 настай охин сургуульдаа явахдаа такси барьж, улмаар амь хохирсон байдалтай 72 цагийн дараа олдсон харамсалтай хэрэг гарч байсан. Энэ мэт такситай холбоотой гэмт хэрэг энэ оны 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 834 бүртгэгдсэн байна. Үүний 765 нь нийслэл хотод бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд энэ онд таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг 404, таксины жолооч холбогдсон гэмт хэрэг 361 бүртгэгджээ. Үүнийг ангилж үзвэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг 33, хүчиндэх 9, дээрэмдэх 31, хулгайлах 86 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Статистикаас харвал энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд 2020 онд 402, 2021 онд 247, 2022 онд 373, 2023 онд 396, 2024 онд 440 бүртгэгдсэн байна. Үүний 90 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Харин таксины жолооч холбогдсон гэмт хэрэг энэ оны 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 394 бүртгэгдсэнээс нийслэлд 361 нь бүртгэгджээ.