Улсын нэгдүгээр төв эмнэлгийн орлогч захирлаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан Б.Түвшинтөр дипломат албанд томилогдож, БНХАУ-ын Хөх хотод дэд консулаар ажиллахаар болжээ.
Тэрбээр УНТЭ-ийн удирдах албан тушаал хашиж байхдаа хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгө эзэмшиж байсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан бөгөөд тус эмнэлгийн ерөнхий захирал П.Анхтуяатай холбоотой авлигын хэрэгт хамсаатнаар холбогдсон гэх мэдээлэл бий.
Тодруулбал, тендер, гэрээ хэлцэл, төрийн өмчийн талбай, тоног төхөөрөмжийн ашиглалттай холбоотой асуудлаар шалгагдаж буй түүнийг Гадаад харилцааны яам ямар шалгуураар дэд консулаар томилсон нь тодорхойгүй байна.
Хэрэгт шалгагдаж байгаа нь гэм буруутай гэсэн үг биш ч төрийн албан тушаалд томилохдоо ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, нэр хүндийн шалгуурыг харгалзах ёстой. Иймд ГХЯ-наас томилгооны үндэслэл, шалгуур болон холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзсэн талаар тайлбар өгөх шаардлагатай юм.






