Сургалтын нэг хэлбэрийг бүх хүүхдэд тулгахаас илүү малчин айлын хүүхэд бүрийн нөхцөлд тохирсон боловсролын боломжийг бий болгох тухай санаачилгыг Өмнөговь Дундговь аймгийн хүссэн сумдад хэрэгжүүлэхээр Боловсролын яам шийдвэрлээд байна
Гол нь шууд бүх нийтэд хэрэгжүүлэх эцсийн шийдвэр бус, орон нутагт хэрэгжүүлж, үр дүнг нь харах, алдаа оноог нь тодорхойлж байж цааш нь боловсронгуй болгох алхам гэж харж байна.
Иймд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ шинэчлэлийн үр дүнг хамгийн түрүүнд дүгнэх хүмүүс нь хот сууринд суугаа хүмүүс, улс төрчид биш юм! Харин мал дээрээ амьдарч байгаа малчин эцэг эх, хүүхдүүд, зургаан настнуудаа сургуульд хүргэхийн тулд амьдралынхаа хэмнэлийг өөрчилж байгаа Монголын малчин гэр бүл л дүгнэх болно
Хуулийн өөрчлөлтийн гол утгыг гуйвуулахгүй байх нь чухал. Малчдын хүүхдэд сурахдаа сонголт хийх боломжийг олгож байгаа хэлбэр юм. Малчин биш иргэдэд хамаарахгүй, тэдний хүүхдийн суралцах хэлбэрийг өөрчлөхгүй энэ зохицуулалтыг улс төрийн популизмын сэдэв болгож, бодит агуулгыг нь мушгин гуйвуулахын оронд малчин өрхүүдэд бий болж буй энэ боломж, сонголтыг хүндэтгэх нь зөв билээ.
Нөгөө талдаа багшийн ажлын арга барилд ч шинэ шаардлага тавигдана. Зайн, гэрийн болон хосолсон сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд багш нар уламжлалт аргаас илүү уян хатан, идэвхтэй, хөдөлгөөнт сургалтын арга зүйд шилжих хэрэгцээ бий болно. Уг хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж эхэлснээс хойш малчид төдийгүй, гадаад оронд амьдарч буй монголчууд ч сонирхон асууж үр хүүхдэдээ эх орных нь бага боловсролыг давхар эзэмшүүлэх боломж гэж харж байгаа олон жишээнүүд гарч байна





