Нүүр хуудасНийтлэлХэмнэлтийн хууль зөрчдөг, ашиг сонирхлын зөрчилтэй ЗГАБаазын захирал Г.Чинзоригыг жолооч ажилчид нь...

Хэмнэлтийн хууль зөрчдөг, ашиг сонирхлын зөрчилтэй ЗГАБаазын захирал Г.Чинзоригыг жолооч ажилчид нь чөлөөлж өгөхийг хүсэж байна

Аливаа газар, олон хүн удирдаж, байгууллага авч явж байгаа хүний ухаан ухамсраас шалтгаалж тухайн байгууллага өөдлөх үү, уруудах уу, хөгжих үү, хамт олны уур амьсгал ямар байх вэ? гээд бүх зүйл хамаардаг. Харин үүний эсрэгээр нь ажилладаг, хамт олныхоо урам зориг, ажиллах эрч хүчийг мохоодог хүмүүс хаа сайгүй байж л байх юм. Үүний нэг жишээ болж сүүлийн үед нэр нь дуулдаад байгаа Засгийн газрын автобаазын дарга Г.Чинзоригийн тухай баримт материалыг жолооч нар нь дэлгэж, Авлигатай тэмцэх газраас эхлээд шалгах боломжтой газар бүрт нь хандаж, ЗГХЭГ-ын дарга болоод Ерөнхий сайдад хүртэл албан бичиг, өргөдөл гомдлоо хүргүүлжээ. Амьдрах аргагүй боллоо гэж хэлэх баазын жолоочийн үг ажиллах нөхцөл нь ямар болсныг товчхон илэрхийлчих шиг.

Учир юунд байна вэ? Засгийн газрын автобаазын жолооч нараас зарим зүйлийг тодруулахад нээрэн л ажиллах аргагүй болж. Энэ байгууллагад 140 гаруй хүн ажилладгаас эхний ээлжинд 30 жолооч нь даргаа эсэргүүцэн гарын үсгээ цуглуулсан бол дараагийн удаад 59 хүний гарын үсэгтэй шаардах бичгийг ч өгчээ.

Ингээд чихнээсээ хонх уясан Г.Чинзориг гэж хүний үйл ажиллагааны талаар хэд хэдэн баримтыг өгсөн юм.

  • Г.Чинзориг нь баазад шаардлагатай Солонгос сэлбэгийг “Сод интернэйшнл” ХХК, Япон сэлбэгийг “Ланд хан төгөл” ХХК гэх нэр бүхий компаниудаас авч нийлүүлдэг гэх боловч бодит байдал дээр тус компаниудын дансаар орсон мөнгийг бэлнээр авч хамгийн хямд чанаргүй сэлбэгийг авч ирж нийлүүлдэг бололтой юм. Тухайн авсан сэлбэгүүд нь хурдан эвдэрдэг гэдгийг ч жолооч нар нотолж байгаа юм. Шинээр авсан амортизаторууд нь автомашинд суурилагдаагүй үедээ цохиотой буюу шаардлага хангахгүй буцаагдаж байсан олон тохиолдол ч гарчээ. Авто кузов засварын үйл ажиллагаа эрхэлдэг “Буянт-Оч” ХХК-ийн дансаар их хэмжээний мөнгө дамуулж авдаг гэнэ. Энэ мөнгийг авто баазын кузов засварт ороогүй автомашинуудыг засварт орсон мэтээр тооцон мөнгө шилжүүлдэг гэж байгаа.
  • Засгийн авто баазын 01-26 УБЗ, 00-26 УБЗ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинууд болон бусад хэд хэдэн автомашинууд 2021 оны 5 сарын 6-8-ны хооронд хөдөө орон нутагт албан ажлаар явж байгаад шороон шуурганд оржээ. Үүний нөхөн төлбөр болгож их хэмжээний мөнгийг “Монгол даатгал” компаниас гаргуулан авчээ. Ингэхдээ “Монгол Даатгал” компанид албан тоот бичиг явуулж “Очух” ХХК-ийн дансанд уг мөнгийг шилжүүлсэн байна. Тэгсэн атлаа өнөөх хоёр машины салхины шилийг сольсноос өөр засвар хийгээгүй гэх юм. Харин тэр “ОЧУХ” ХХК баазтай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй гэдгийг хэлж байна.
  • Ядаж байхад хэдэн жолооч нарынхаа томилолтын мөнгийг хасдаг гэнэ. Яадаг вэ? гэхээр орон нутгаас хоолны баримт, и-баримт авчраагүй гэх шалтгаанаар жолооч нарын хоног болон хоолны мөнгийг нь дутуу олгодогт олон жолооч гомдолтой байна. Томилолтын зардал 2022 оны 06 сарын 02-ны өдрийн Сангийн сайдын 120 тоот тушаалаар батлагдсан Албан томилолтын журмыг дагаж мөрддөггүй. 2022 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд дотоод томилолтын зардлыг хоногийн байр хоол нийлээд 28500 төгрөг тооцон олгож байжээ. Харин 2022 оны 10 сарын 18-ны өдөр нэр бүхий 19 жолооч бичгээр шаардлага хүргүүлэн биечлэн уулзсанаар 2022 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн 120 тоот тушаалын дагуу олгохоор болсон боловч бодит байдал дээр орон нутгаас И-баримт авч ирээгүй гэх шалтгаанаар дутуу олгосоор байна.
  • Цаашлаад Засгийн газрын авто баазын нэр дээр байдаг мал Төв аймгийн Баян сумын нутагт байсныг Хэнтий аймгийн Галшар сумын нутагт шилжүүлэн өөрийн хувийн малтай нийлүүлсэн байж болзошгүй гэнэ. Тэгээд авто баазаас цалинжуулан малчин ажиллуулж, баазын мөнгөөр хувийнхаа мал аж ахуйн тэжээлийг аваад байна гэж жолооч нар нь хардаж байна.
  • Г.Чинзориг дарга нь автомашин худалдан авахдаа зах зээлийн үнээс хэт өндөр үнээр авдаг гэх юм. 2022 онд л гэхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн 100% цахилгаан автомашин хоёр ширхэгийг худалдан авсан гэх боловч нөгөө 2 нь 2018 онд үйлдвэрлэгдсэн хуучин машин байсан гэнэ. Тэр 2 машинаа нийт 85 сая төгрөгөөр авсан ч одоо нэг нь эвдэрчихээд бүр явахаа байжээ. Мөн баазын ерөнхий инженер Л.Олонбаяр нь Ланд круйзер 200 маркийн автомашины нэг ширхэг моторыг хоёр удаа худалдан авсан гэх юм билээ. Энэ мэтчилэн санхүүгээсээ мөнгө гарган авч, мотороо 04-96УБЗ Ланд круйзер 200 авто машинд тависан мэтээр акт гаргасан талаар жолооч нар ярьж байна. Бодит байдал дээрээ тухайн авто машины мотор солигдоогүй, нэг моторын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа ч захирал Г.Чинзориг нь мэдэж байсан ч тодорхой арга хэмжээ аваагүй гэж жолооч нар нь үзэж байна.

Энэ мэтчилэн Засгийн газрын автобаазын дарга Г.Чинзоригтой холбоотой материалуудыг баазын жолооч нар гаргаж байна. 2017 онд засгийн газрын автобаазын дэд захирлаар ирээд, 2020 оны наймдугаар сараас хойш даргаар нь ажиллаж байгаа. Хэнтийн гаралтай Г.Чинзориг даргаас болж жолооч нар нь ажлаа ч хийж боломжгүй болж, өнөөдөр л гэхэд Төсвийн байгууллагаас Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болчихоод байхад төлөвлөгөө, тарифаа гаргаагүй, хамтрагч байгууллагуудтайгаа гэрээ хийгээгүй, ажил нь зогссон байдалтай нөхцөл байдал нь хүндэрснийг хэлсэн юм. Энэ мэтчилэн Г.Чинзориг захиралтай холбоотой асуудал дуусахгүй юм. Шалгадаг, мэддэг, хариуцдаг газар нь хяналт шалгалтаа оруулж, засгийн баазад үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх хэрэгтэй болжээ. Өдөр тутмын ажлаа хийгээд, цалингаа аваад явж байх жолооч нар, тэдний ар гэр гээд 1000 гаруй хүний асуудал болж байна. Үгүй бол 80 гаруй жилийн түүхтэй Засгийн газрын автобаазын дарга, жолооч нарын асуудал хурцадсаар байх шинжтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН