Улсын анхдугаар их хурал тэртээх 1924 оны 11-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын дэргэд “Эдийн засгийн зөвлөл” байгуулж, “улсын эдийн засгийн бодлогыг уялдуулан гүйцэтгүүлэхээр” тогтоосон нь Монгол Улсад Эдийн засгийн алба анх үүссэн өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэж иржээ.
Монгол Улсын Засгийн газраас 2024 онд жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгон баталсантай холбогдуулан бид өнөөдөр түүхэн 102 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Манай Улсын эдийн засаг сүүлийн таван жилд хурдацтай тэлж, нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ 2025 онд 7.4 мянган ам.долларт хүрч, 2020 оны түвшнээс 1.8 дахин өссөн. 2026 онд нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ 8.4 мянган ам.долларт хүрч, 2020 оны түвшнээс 2.0 дахин өсөхөөр тооцоолж байна. Энэхүү амжилт ололтод үе үеийн төлөвлөгч, эдийн засагчдын оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэснийг энэхүү баярын өдөр тэмдэглэхэд таатай байна.
Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан зүтгэсэн үе үеийн ахмад ажилтан та бүхэндээ, мөн Монгол Улсын өнцөг булан бүрд улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй албан хаагчид Та бүхэнд Эдийн засгийн албаны 102 жилийн ойн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье.






