УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.09.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Төсвийн тодотголын хүрээнд төсвийн орлого, зарлагын бүтцэд зохицуулалт хийж, төрийн зардлын хэмнэлтийг иргэдийн орлогыг хамгаалах, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, эрчим хүч болон хүнсний хангамжийг тогтворжуулахад чиглүүлэхээр тусгажээ.
Нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт хийж, иргэдийн орлогыг дэмжинэ
Тодотголоор төрийн үйл ажиллагааны зардалд нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт, таналт хийхээр тусгасан байна. Хэмнэсэн эх үүсвэрийг дараах нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.
• Ахмад настны суурь тэтгэврийн нэмэгдлийг 2026.11.01-нээс олгоно.
• Дундаж тэтгэврийг 233.8 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.
• Төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалингийн нэмэгдлийн зөрүүг арилгана.
• “Гэрт ойрхон сургууль – хамгийн сайн сургууль” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
• Стратегийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ.
• Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулна.
Тэтгэврийн нэмэгдэлд 196.3 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 844.6 тэрбум төгрөг тусгагдсан байна.
Стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлнэ
Үнэ, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамжийг 300 мянган метр кубээр өсгөхөөр тусгалаа.
Эрчим хүчний салбарын хангамж, найдвартай ажиллагааг хангах зорилгоор нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн бөгөөд үүний 107.3 тэрбум төгрөгийг салбарын татаас, 92.7 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулахаар байна.





