Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.09.10/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж байгаа дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийн хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Хуулийн төсөл нь Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын үзэл баримтлал, зорилттой нягт уялдаж төрийн үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн нэн шаардлагатай бодлогын арга хэмжээнүүд болох ахмадуудын орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах, стратегийн зарим бараа бүтээгдэхүүний нөөц, эрчим хүчний үнэ, шатахууны нийлүүлэлт, үнийн өсөлтийг тогтворжуулахад төсвийн бодлого чиглэж байна.
Байнгын хорооны гишүүд төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын сангийн ачаалал, төрийн өмчийн компаниудын ногдол ашиг, засаглалыг сайжруулах, цалингийн реформын талаар асууж хариулт авлаа. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.





