Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр болж, Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай, Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
НИТХ-ын ээлжит IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн гэрээ байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын дүгнэлтийг хэлэлцэж, “Тяньжинь Жунчан Барилга инженеринг” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Төлөөлөгчид анх удаа хэрэгжих гэж буй дэд бүтцийн томоохон төслийн хувьд хийн түлшний үнэ, нийлүүлэлт, тээвэрлэлтийн эрсдэл, аюулгүй ажиллагааны зохицуулалтыг урьдчилан нарийвчлан тооцох, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор судалгаа хийх, иргэдийн нийгмийн сэтгэл зүй, хүлээн авах байдлыг судлах нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Мөн Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэн баталлаа






