Маргааш 11:00 цагт буюу морин цагт “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн ёслол болно.
Нээлтийн ёслолын талаарх хэвлэлийн хурлын үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр “Музей бол аливаа улс үндэстэн, ард түмний өв уламжлалыг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулж, судалж сурталчилдаг. Мөн сан хөмрөгийн бүрдүүлэлтийн бодлого, хадгалалт хамгаалалтын бүрдүүлэлт зэрэг нь төрийн онцгой анхаарал дунд бий болдог.
Энэхүү барилга нь улсын төв цэг Сүхбаатарын талбайн А байрлалд байрлаж, нийт 25,400 м.кв талбайтай, есөн давхар музейн зориулалттай. Музей нь нөгөө талаас харвал боловсролын орон зай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бүх насныханд зориулсан орон зай байдаг. Нийт талбайн 40 хувийг үзүүлгийн талбай эзэлнэ. 3-9 хүртэлх давхрын бүх танхим үзүүлгийнх. Тус барилга BMS буюу барилгын менежментийн системийн тоноглолоор тоноглогдсон.
Их эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхимд цаашдаа долоон метрийн өндөртэй Чингис хааны алтадмал баримал бий болно. энэ орон зайн хучилтын хувьд барилгын шинэ технологи нэвтэрсэн. Энэ барилга урлагийн бүтээлээр тоноглогдсон” хэмээлээ. Музейн дэвшилтэд технологиос онцолбол дэлхийн музейнүүд ихээр ашиглаж буй AR (Augmented reality), VR (Virtual reality) технологийг ашиглаж байна. Augmented reality нь бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах нөхцөлийг бүрдүүлдэг. Virtual reality буюу виртуал бодит байдал нь компьютерын программ хангамж, тусгай толгойн өмсгөлийн хамтаар бодит ертөнцөөс дижитал орчинд аваачдаг технологи юм.
Өөрөөр хэлбэл та гар утсаараа “Чингис хаан” музейн аппликэйшнийг татаад, дурын нэг үзмэрийн хажууд байршуулсан QR кодыг уншуулж, холбогдох бүх мэдээллийг авах боломжтой. Одоогийн байдлаар мэдээлэл Орос, Англи хэл дээр гарч буй бөгөөд цаашид НҮБ-ын таван хэл дээр гарна гэдгийг “Чингис хаан” хаад, язгууртны музейн захирал, академич С.Чулуун онцолсон юм.