Б.Өлзий-Учрал: Гавьяат жүжигчин У.Уранчимэг бол аливаа юмыг тултал хийдэг. Мэргэжлийн гэдэг үгийг хамгаалж яваа цөөн хэдийн нэг
Би Thunder болохоор биш, Б.Өлзий-Учрал болохоор энэ кинонд тоглосон юм.
Зарим нь намайг олон хүн таньдаг болохоор л оруулсан гэж бодож байгаа байх.
Тэгвэл У.Уранчимэг гэдэг хүн хэзээ ч тийм шалтгаанаар кинондоо хүн оруулж бүтээлээ сэглэх хүн биш.
Тэгвэл У.Уранчимэг гэж ямар хүн юм?
“Хувьсал” продакшны үндэс суурь.
Драмын домгуудын нэг.
Аливаа юмыг тултал хийдэг.
Яаж ч байсан хүн чанарыг нэгт тавьдаг.
Мэргэжлийн гэдэг үгийг хамгаалж яваа цөөн хэдийн нэг.
Тэгвэл бид хоёр яаж яваад багш шавь болов?
Миний хувьд энд тэнд нэвтрүүлэгт ч юм уу, сайн ярьж чаддаггүй байсан учир тайзны яриа гэдэг хичээлд нь суух гэж 2021 онд дуучин Хишигдалайгийн саналаар “Хувьсал”-ын жүжиглэх урлагийн анхан шатны сургалтад суусан юм.
Тэр сургалтад суугаад Гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй танилцаж байлаа.
Багшийн хувьд анхнаасаа түс тас, шударга сургалтад нь суухаар ирсэн хүмүүст ” Та нар энд суугаад жүжигчин болохгүй. Зүгээр жүжигчдийг жаахан ойлгодог үзэгч болно” гэж хэлж байсан нь л шууд надад таалагдсан.
Хэзээ ч хоосон найдвар төрүүлдэггүй үнэн хүн байсан.

Тэгээд дараа нь өгүүллэг унших болоод зохиолч Бум-Эрдэнийн “Олон болоорой” гэдэг өгүүллэг надад даалгаварт ирсэн.
Би анх удаа ингэж уншихдаа өөрт тохиолдсон мэт мэдрэх гэж их хичээж билээ.
Тэр үед миний дотроос жаахан хэлтэрхий олж харсан юм шиг санагдсан.
Гэхдээ надад юу ч хэлээгүй.
Тэгээд дараа нь 2022 онд “Ноён эмэгтэй” киноны дуу дуулуулаад тэр жил тэр дуу, тэр кино хоёр бут авч байлаа.
Дашрамд хэлэхэд тэр дууг багшийн харизмыг шингээж зохиож байлаа.
Нэг үгээр мань хүнийг харж бичигдсэн дуу.
Ингээд гурван жилийн дараа хамтдаа кинонд тоглов.
Миний дуулж байх цаг үед надад кино санал олон ирж байсан. Дандаа Thunder учраас ирдэг байсан. Харин энэ удаа Thunderт биш, Өлзий-Учралд ирсэн юм.
Тэр намайг чадна гэж итгэсэн.
Харин би түүнийг байгаа болохоор би чадна гэж итгэсэн.
Бид хоёрыг 3 сарын 05-нд хараарай.