Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна

ЦХИХХЯ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дүрэм журмыг цөөлж, оновчтой болгох, төрийн бүх үйлчилгээг ДАН системтэй холбох ажлыг эрчимжүүлэх, тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажиллагааг нэгтгэн сайжруулах шийдвэрийг гаргалаа.

Төрийн болон бизнесийн үйлчилгээнүүд нэг удаагийн нэвтрэх код, цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар, тоон гарын үсэг хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг олон төрлийн арга хэрэгслийг ашиглан иргэнийг цахим орчинд таньж, баталгаажуулж байна. Эдгээрээс хамгийн найдвартай, аюулгүй хэлбэр нь тоон гарын үсэг аж.

Монгол Улс 2022 онд тоон гарын үсгийг иргэддээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй олгосон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэн тоон гарын үсэгтэй болсон ч өнөөдрийг хүртэл иргэд түүнийг хаана, юунд, ямар зориулалтаар ашиглах талаар ойлголтгүй байна.

Түүнчлэн 155,074 аж ахуй нэгж тоон гарын үсгийг тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөр хэрэглээ байхгүй гэхэд болохоор байна.

Иймд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд иргэнийг найдвартай таньж, баталгаажуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тоон гарын үсэг нь цахим орчинд баримт бичиг, мэдээллийг баталгаажуулах, хамгаалах зориулалттай криптограф технологи юм. Тоон гарын үсгийг ашигласнаар орон зай үл хамааран баримт бичгийг баталгаажуулах, улмаар цахим албан хэрэг хөтлөлтийг дэмжиж, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх боломж олгодог. Түүнчлэн цахим гэрээ, хэлцлийг гар утас, таблет ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулж, цаг хугацаа хэмнэх, шифрлэж хамгаалсан түлхүүрээр баримт бичгийн нууцлалтай, бүрэн бүтэн байдлыг хангах давуу талтай байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН