Монгол улсын Шадар сайдын 2023 оны 28-р тушаал, Монгол улсын Онцгой комиссын даргын 2024 оны есдүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХИХХ-ны сайдын 2025 оны “хамтран ажиллах тухай” 01/1859 тоот, тус яамны ТНБД-ын 2025 оны “Хамтран ажиллах тухай” 02/1861 тоот тус тус бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, дархлаажуулалтын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцэх хурлыг 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа.
Тус хуралд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ, Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ, И Монгол академи УТҮГ болон НҮБ-ын Хүүхдийн Сан нийт 14 байгууллагын 33 албан хаагч оролцлоо.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас “эксел” хувилбараар авч ашигладаг бөгөөд өгөгдөл мэдээллийг бодит цаг хугацаанд солилцож чадахгүй байгаа нь мэдээллийн зөрүү үүсгэж буй гол шалтгаан болж байна. Эмч нар үндсэн үзлэг үйлчилгээг үзүүлэхээс гадна дархлаажуулалтад хамруулах хүүхдүүдийг олох гэж их цаг алддаг. ХӨСҮТ дээр жишээ нь “улаанбурхан” өвчин оношлогдсон бол олон системд зэрэг бүртгэх нь ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Дархлаажуулалтын тайлан, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжээгүй, эрүүл мэндийн байгууллагууд хооронд “google sheet” ашиглан авч нэгтгэн авдаг нь тайлан, мэдээний урсгал хугацааны хувьд хоцрогдолтой, ажлын ачааллыг үүсгэж байна зэрэг тулгамдсан асуудлыг хүрээнд ярилцлаа.
Тус хэлэлцүүлгийн үр дүнд дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийг бодит цаг хугацаанд солилцох боломжийг бүрдүүлж, хаягийн мэдээллийг холбогдох мэдээллийн сангуудаас дархлаажуулалтын системд холбож, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-аар дамжуулан Эрүүл мэнд, боловсрол, хил хамгаалах, улсын бүртгэл зэрэг салбар хооронд солилцохоор ажлыг эхлүүллээ. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдэгдэл хүргэхээр боллоо.