Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сангийн талбайн байршилд нийт 26 га газар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2 -г хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуух ашиглана. Уг станц нь техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, усны хэрэглээг бууруулсан байгаль орчинд ээлтэй технологитой байна. Түүнчлэн цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10 хувь нь станцын өөрийн дотоод хэрэглээнд зарцуулагдана. Тодруулбал, станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хороолол зэрэг бүсүүдийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.
Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулсан. Уралдаант шалгаруулалтын үнэлгээний дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Митайм Интернэйшнл” ХХК-тай гэрээний хэлцэл хийж төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр буюу олон улсын жишигт нийцсэн DBFOM бүтцээр хэрэгжүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 658.56 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн зүгээс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгчийн зүгээс 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй.