Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг сурталчлан таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийг ахиулах, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” арга хэмжээний хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.10.21/ зохион байгууллаа.

Нэгдүгээр үе шатанд Нийслэлийн ерөнхий боловсролын 204 сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудыг хамруулж хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэж гарц шийдлээ тодорхойлсон юм.

Хоёрдугаар үе шатанд Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Мөрдөн байцаах алба, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, хороодын Хамтарсан баг, “Хөөрхөн зүрх”, “Өнөр бүл төв”, “Good neighbors” зэрэг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Цаашид гуравдугаар үе шатанд олон нийт, иргэдийн төлөөлөл, төр захиргааны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.