Дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох “World Travel Market (WTM London)” нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын “Эксел” төвд 2025 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “WTM London 2025” үзэсгэлэнг “Хувьсан буй дэлхийд аяллыг шинээр тодорхойлох нь” (Redefining Travel in a Changing World) сэдвийн хүрээнд зохион байгуулах ба дэлхийн аялал жуулчлалын шинэ чиг хандлагыг тодорхойлох, инновац, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих зорилготой.
Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн хэмжээнд хамгийн нөлөө бүхий B2B арга хэмжээ ба жил бүр 180 гаруй улс орон, 3500 гаруй байгууллага, 40 мянга орчим төлөөлөгч, бизнес эрхлэгч оролцож, аялал жуулчлалын салбарын бодлого, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн хандлагыг тодорхойлдог.
Монгол Улс энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос зохион байгуулалтыг гүйцэтгэж, “Go Mongolia” брэндийн хүрээнд үндэсний соёл, нүүдэлчин ахуй, байгаль, адал явдал, эко аялал жуулчлалын онцлогийг сурталчлан таниулах, гадаадын түншлэл, хөрөнгө оруулалтыг татах, зах зээлээ өргөжүүлэх зорилготойгоор оролцох юм. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 52м² талбай бүхий үндэсний онцлогийг илэрхийлсэн N10–620 дугаар павильонд монголын аялал жуулчлалын салбарын 10 байгууллага оролцохоор бэлтгэл хангаж байна. Монголын павильонд зочилсноор аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөрүүдтэй танилцах, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах боломжтой юм.

Монгол Улсыг төлөөлөн оролцох байгууллагууд:
- Актив энд Адвенчер Турс Монгол ХХК
 - Эксплор Монголия ХХК
 - Грейт Чингис Экспедишнс ХХК
 - Нью Жуулчин Турс ХХК
 - Рара Авис Адвэнтур ХХК
 - Травел Он Ворлд ХХК
 - Цолмон Трэвел ХХК
 - Зэндмэнэ Трэйвэл ХХК
 - Шинэ Соёл Тэлмэн ХХК
 - Жамоторабэрү ХХК
 
2024 оны үзэсгэлэнд дэлхийн 184 орны 3,875 байгууллага, 43,700 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцож, 29,000 бизнес уулзалт зохион байгуулсан нь өмнөх оноос 7 хувиар өссөн үзүүлэлт юм.






                                    