Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2025.11.04)-ийн хуралдаанаар Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайланг сонслоо.
Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд Монгол улсын 79 хуулийн 263 заалт, УИХ-ын 90 тогтоолын 491 заалт, Байнгын хорооны 69 тогтоолын 290 заалт, нийт 238 шийдвэрийн 1044 заалт бүртгэлтэй байна.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэрэгжилтийн тайланг танилцуулах үеэр “2025 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны хэрэгжилт дунджаар 46 хувьтай байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар дунджаар 46 хувьтай хэрэгжсэн. Тухайлбал, төрийн захиргааны төв 16 байгууллага 11 хуулийн 29 заалтыг хэрэгжүүлсэн байдлыг авч үзвэл 28,9 хувь буюу 11 заалт хэрэгжсэн, 36,8 хувь буюу 14 заалт хэрэгжээгүй, 10,5 хувь буюу 4 заалтын хэрэгжих хугацаа болоогүй гэж дүгнэсэн” гэлээ.

Байнгын хорооны гишүүд тайлантай холбоотой асуулт асууж хариулт авлаа. Хяналт шалгалтын тухай хууль 2020 онд батлагдсанаас хойш хууль, тогтоолын хэрэгжилтийн тайланг Байнгын хороо болон шаардлагатай тохиолдолд чуулганаар хэлэлцдэг болсон нэг талдаа ахиц дэвшил. Гэсэн хэдий ч хэрэгжилт сул байгаа нь баталсан хууль тогтоолынхоо араас хяналт тавьдаггүй үр дүнг нь тооцдоггүй зэргээс шалтгаалж байгаа талаар гишүүд хэлж байв.
Хуралдааны төгсгөлд хэрэгжилтийн хяналтад холбогдох газрууд анхаарч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос ажлын хэсэг гаргах шаардлагатай гэж гишүүд үзлээ.






