Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2025.12.03) нээлтээ хийлээ.
Зөвлөлдөх уулзалт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтнүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) хамгаалалтын захиргаадын санхүүгийн менежмент, төлөвлөлтийн чадавх, нэмэлт орлогын стратегийг сайжруулах сэдэвт сургалтын хамрагдана.

Өнөөдрийн сургалтын үйл ажиллагааг БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг нээж үг хэллээ.
Мөн нээлтийн арга хэмжээнд Германы сэргээн босголт зээлийн банк (kfw)-ны бүсийн захирал Кристиан Рихтер уригдан оролцож, оролцогчдод талархал илэрхийллээ. Тэрбээр “Дэлхийд ховордсон, устаж буй ан амьтнаа хайрлан хамгаалж байгаа та бүхэнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар, Германы сэргээн босголтын банкны хамт олон талархаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, менежментийг сайжруулах чиглэлд манай банк цаашид хөрөнгө оруулалт хийсээр байх болно” хэмээлээ.

Сургалтын эхний илтгэлийг ТХГН-ийн тогтвортой менежментийг дэмжих бизнесийн болон санхүүгийн менежментийн зарчмууд, бизнес төлөвлөлтийн талаарх Төслийн зөвлөх Г.Гансүх танилцууллаа.
Үргэлжлүүлэн ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төсөв, санхүүжилт, нэмэлт болон өөрийн орлогын өнөөгийн байдалд хийсэн судалгааны дүнг Өнө Мөнхийн Монгол хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгжийн зохицуулагч С.Амартүвшин, ТХГН-ийн ХЗ-ны төсөв, санхүүгийн хэрэглээ, зардал-ашгийн шинжилгээ, орон нутгийн нэгжүүдийн орлого олох боломж, туршлагын талаар Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар илтгэл хэлэлцүүлж байна.






