Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон Үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн салбар зөвлөлийн дарга, гишүүд танхимаар болон цахимаар оролцож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе өнгөрч, дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Тухайлбал, аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт нөлөөлөх байдлаар нь авч үзэж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Ийнхүү эртнээс авч чадсан эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам. доллар гамшгийн дараах хохирлын 15 ам. доллартай тэнцэж байна. Өнгөрсөн наймдугаар сард миний бие ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, алба хаагч нарын санал бодлыг нь сонсож, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмэгдүүлсэн. Ирэх жилийн улсын төсөвт батлуулсан ажлууд, мөн Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна” гэлээ.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлөөс 2025 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг 2025-2030 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт” сэдвээр мэдээлэл танилцуулж, үндсэн 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргах юм.






