2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр “2026 онд зам тээврийн осол, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцлоод Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцлаа.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.
НИТХ-ын дарга А.Баяр “Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт, ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт үүрэг болголоо.





