Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Улсын тэмээчдийн V зөвлөгөөн 2026 оны 1-р сарын 24–25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод болж өндөрлөлөө. Тус өвлийн их наадам нь Монголын уламжлалт өв соёлыг хамгаалан хадгалах, тэмээний аж ахуйг сурталчлан хөгжүүлэх, өвлөн уламжлалт соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Наадмын хүрээнд шилбэн тайлгийн уралдаан, атан тэмээний уралдаан, хөгшин тайлгийн уралдаан, торомны уралдаан, тэмээтэй буухиа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх, эмнэг тэмээний туйлаан зэрэг тэмээний спортын 8 төрөлт тэмцээн, мөн тэмээн харваа, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах зэрэг уламжлалт тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан.

Мөн наадмын үеэр тэмээний парад, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн, ингэний сүү, цагаан идээ, ноос, ширээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь олон нийтийн сонирхлыг татав. Тэмээний парадад 16 аймгийн 395 тэмээ оролцож, төв талбайгаар жагсан өнгөрснөөр тэмээний соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниуллаа. Харин үзэсгэлэн худалдаанд оролцсон өвлөн уламжлагч, худалдаачид 2 өдрийн хугацаанд нийт 236.955 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Өвлийн их наадмын хүрээнд зохион байгуулсан Улсын тэмээчдийн V зөвлөгөөний үеэр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөн, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан малчдад Монгол Улсын Гавьяат малчин цол, төрийн дээд одон, медаль гардуулсан бол наадмын хаалтын ёслолын үеэр төрийн дээд одон, медаль болон Монголын Тэмээн поло, спорт уралдааны аяллын холбооны шагнал, наадамд амжилттай оролцсон оролцогчдын байр шагналыг гардуулсан юм.

Ийнхүү “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам нь Монголын уламжлалт соёл, тэмээний аж ахуйн хөгжил, малчдын хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд сурталчлан таниулсан ач холбогдол бүхий арга хэмжээ болж өндөрлөлөө.








