УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Баянмөнх, Гурванбаян, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Баян-Овоо, Батноров сумдын иргэд, малчидтай уулзан УИХ-ын баталсан хууль, тогтоомж, шийдвэрийн талаар мэдээлэл хийж, санал хүсэлтийг нь сонслоо.

Зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд 2026 онд “Эргэх холбоо-Иргэдээ сонсох” уулзалтыг тойргийн хэмжээнд эхлүүлсэн бөгөөд иргэдийн зүгээс орон нутагт тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай олон асуудал, санал хүсэлт хэлж байв. Тухайлбал, газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сумдын ЗДТГ, эмнэлэг, сургууль, спорт заал, дотуур байранд засвар хийх , номын сангийн номын фондыг шинэчлэх, үүрэн холбооны сүлжээнд холбох, газар өмчлөл, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах, залуу малчдыг дэмжих, малын гаралтай түүхий эдийн үйлдвэр байгуулах, малын тарилга, вакцины чанарт анхаарах, шатахууны болон цахилгааны доголдлыг арилгах зэрэг асуудлуудыг хөнджээ.

Гишүүд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд боломжтой арга хэмжээ авахад анхаарахаас гадна холбогдох төрийн байгууллагуудад уламжилж ажиллахаа илэрхийлсэн юм.






