“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын арга хэмжээнд өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн оролцон, үг хэлэв.
Тэрбээр энэхүү төслийг гардан хэрэгжүүлсэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, төслийн баг хамт олон, төслийг амжилттай хэрэгжүүлсэн орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлээд “Төслийн хүрээнд гарсан амжилт, загвар үйл ажиллагааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд манай яам манлайлан ажиллах болно. Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал” гэлээ.
Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр 2021 оноос эхлэн таван жилийн хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан зэрэг есөн сум, зургаан Байгалийн нөөц газарт уг төслийг хэрэгжүүлжээ.
Дорнод хээрийн бүсэд газрын нэгдмэл түвшинд газрын доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар нийт 20,0 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээн Даян дээрхийн хөтөлбөрийн хүрээнд манай улс хувь нэмэр оруулжээ. Ялангуяа бэлчээрийн газрыг байгалийн аясаар нөхөн сэргээж, доройтлыг бууруулсан бодит үйл ажиллагааны үр дүн, туршлагыг Төв Азийн орнуудад хуваалцаж байгаа аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, гурван аймаг, есөн сумын ЗДТГ, холбогдох байгууллагууд төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг хариуцан зохион байгуулсан юм.





