Нүүр хуудасМэдээУИХ: Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ: Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, гишүүн Р.Батболд нар өнөөдөр /2026.04.14/ НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Афганистаны Исламын Эмират Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Папуа Шинэ Гвиней Улс болон Монгол Улсыг хариуцсан захирал Жин И.Пактуран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлсэн буйд талархалтай ханддагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд Өрийн удирдлагын тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт нийцсэн зээлийн хэлэлцээрийн төслийг парламентад өргөн мэдүүлэх тохиолдолд дэмжих болно гэв.

Эрхэмсэг ноён Жин И.Пактуран Эдийн засгийн байнгын хорооны даргад талархахын сацуу Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Тэрбээр, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөл төслөө үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг баталсан талаар онцлов. Төслийн хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, бодлогын шинэчлэл, сайжруулалтыг дэмжихэд чиглүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга Р.Сэддорж малчдын хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарч, зайнаас болон танхимаар суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН