Хориотой жүжиг тайзнаа дахин тоглогдож эхэлжээ. Хав харанхуйн дунд гялс хийн шилжих хурц гэрлийн дор дүрээ чадварлагаар гүйцэтгэх уран бүтээлчийн шийдэмгий харц, биеийн хөдөлгөөн, дуу чимээ, өнгө гэрэл гээд л энд буй бүхэн амьд бөгөөд сүнслэг.

Жүжигчдийн хэлсэн ганцхан өгүүлбэр ч зүрхэнд орж, сэтгэлд сонсогдоод шигдэж үлдэв үү гэмээр шидийн, яг л би өөрөө үйл явдлын нэг дүр нь юм шиг. Уран бүтээлчид тайзан дээр тоглох биш амьдарчих шиг л боллоо. Урлаг, уран бүтээлээр хүний сэтгэлийг ингэж хөдөлгөж, оюун бодолд нөлөөлнө гэдэг нь өөрөө ямар аугаа зүйл вэ? гайхаж биширмээр. Харилцан яриа ба нүүрний хувирал, хувцас хэрэглэлээс өөр бусад зүйлс нүдэнд огтхон ч торсонгүй.

Эрс тэс уур амьсгалтай эх орны минь дөрвөн улирал шиг хувьсан өөрчлөгдсөөр ирсэн нийгэм, цаг үеэсээ бидэнд олж хараагүй зүйлс ч бас ямар олон бэ л гэж бодогдлоо. “Хориотой” гэх ганцхан үг нь хориглох нь битгий хэл гэлэм ч үгүй хийсэн хүний гэм буруутай үйлдэл ч байж болдог гэдгийг жүжгийн зохиол харуулаад өглөө. “Хэзээнээс ийм байсан юм бол доо” гэж гайхаж бодлогоширмоор байвч хэзээ хэзээнээсээ л ийм зүйлс ил, далд байсан гэдгийг хориотой жүжгийн дүр бүр дүрслэн үзүүллээ. Заримдаа “Үнэн” гэдэг зүйл ямар гашуун гэдгийг жүжигчид үзэгчдэд амтлуулах нь тэр.

Үзэгч сонсогчид, уран бүтээлчид гээд л ганцхан тайзан дээр бид бүгдээрээ амьдарч байгаа юм шиг бодит санагдсан нь бидний амьдралыг жүжгээр харуулсан гэдгийн баталгаа нь байв уу даа.

Хэнэггүйгээр хэн нэгний аминд хүрсэн хэр нь гэмгүйгээр мултрах, хөрөнгөтэй хүний өмнө хөлөө хугалах шахам бөхөлзөх, эдийн дээдийг эдэлсэн ч адын мууг үйлдэх, өнгө мөнгөөр өрөөлийг хэмжиж өөрийгөө хуурах, хийсэн хэргийнхээ горыг бусдын биеэр төлүүлэх гээд л жир хүмүүсийн жигшмээр үйлдэл бүхэн төрийн томчуудын тоглоом зугаа байдаг гэдгийг хүүгийнхээ хувьд “Сайн эцэг”-ийн дүрийг бүтээсэн уран бүтээлчээс олж харав, ойлгож ухаарав. Тэдний гэр бүлд аз жаргал, үнэн гэдэг зүйл байгаагүйтэй адил дутагдах зүйл ч бас байгаагүй юм.

Харин хаалга бүрийн цаана амьдрал адилгүйг Төрийн хувцас өмссөн жирийн нэгэн цагдаагийн гэр бүл харууллаа. Гэр орноо авч явах ёстой гэдэгт эр хүний ноён нуруугаа бөхийлгөхгүйгээр шийр заах төрийн хүн, сайн аав. Элэг бүтэн амьдралынхаа төлөө эр нөхөр, үр хүүхдээ сэтгэлийн дэмээр тэтгэх гал тогоо эргэсэн энгийн нэгэн ээж. Болж өнгөрсөн болон ирээдүйд болох зүйлийн талаар тааж төсөөлөхийг ч хүсэхгүй танхил бяцхан охин. Хоолны ширээний ард гурвуул сууж байваас тэдэнд дутагдах зүйл үгүй мэт энгийнээс энгийн…

Хүний амьдрал урт агаад баялаг байж болно эсвэл асар богино агаад ядмагхан ч байж мэднэ гэвч хийж болохгүй “Хориотой” зүйлс байдаг шүү гэдгийг мэргэжлээрээ дамжуулан бидэнд хүргэж буй жүжигчдэдээ талархал илэрхийлье.






