НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо, Засаглал, эрх зүйн хороо, Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороодын хамтарсан хуралдаанаар 2025 оны нийслэлийн төсвийн гүйцэтгэл болон “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г хэлэлцлээ.
2025 оны төсвийн гүйцэтгэл: Төсвийн алдагдал үүссэн шалтгаан, санхүүгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийх, цаашид төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах шаардлагатайг онцлов.
2027 оны хөгжлийн төлөвлөгөө: Ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 538 арга хэмжээний хэрэгцээ, үр өгөөж, санхүүжилт, хүлээгдэж буй үр дүнг тодруулж, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх шаардлагатайг хэллээ.
Тулгамдсан асуудлууд: Эрчим хүч, дулаан хангамж, нийтийн тээвэр, замын түгжрэл, агаарын бохирдол, төрийн үйлчилгээний чадавх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд 538 арга хэмжээний хэд нь чиглэж байгааг тодрууллаа.
Хувийн хэвшлийн оролцоо: Хувийн хэвшлээр хэрэгжүүлэх боломжтой ажлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй байх, нийслэлээс зайлшгүй санхүүжүүлэх болон хувийн хэвшлийн оролцоотой ажлыг ялгаж төлөвлөх шаардлагатайг хэлэв.
Эрчим хүч, шугам сүлжээ: Шинээр тавих шугам сүлжээний урт, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар байршил, хэмжээ болон төлөвлөсөн ажлуудын зураг төслийн бэлэн байдлыг тодрууллаа.
Үнийн өсөлт: 2026 оны наймдугаар сарын байдлаар үнийн өсөлт 25.2% хүрсэнтэй холбоотойгоор хүнсний болон бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг бууруулахад нийслэл ямар бодлогоор хэрхэн нөлөөлөх боломжтойг хэлэлцэв.
Агаарын бохирдол: Хагас коксыг 10 дугаар сарын дунд үеэс үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа ба 2027 онд 10 мянга орчим яндан буулгах, угаарын хийн мэдрэгчийн ашиглалт, хяналтыг сайжруулахаар болов.
Ингээд хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны II хэлэлцүүлэгт шилжүүллээ.





