Нүүр хуудасБусадГэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

  Эхлээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг энэ үеэр горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжснээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.

Дараа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч Б.Энхбаяр гишүүн, төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар тус тус танилцуулсан юм. Түүнчлэн гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 31 нь буюу 68.9 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН