Нүүр хуудасМэдээЗГ: Монгол улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа...

ЗГ: Монгол улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг туршжээ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын Ногоон шилжилтийн бодлогын хүрээнд тээвэр, ложистикийн салбарт шинэ шийдлийг хувийн хэвшил бодитоор туршлаа.

“Монложистикс Групп”, “Ньюком ХХК” хамтарч 2026 оны наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд нийт 1,400 орчим км замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршив.

Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний суурь өртгийн нэг хэсэг бөгөөд эцсийн хэрэглэгчийн төлөх үнэд шууд нөлөөлдөг.

Дэлхий дахинд түлш, шатахууны нийлүүлэлт, үнэ тогтворгүй байгаа энэ үед тээврийн салбарыг үе шаттай цахилгаанжуулах нь импортын шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулах бодит шийдлийн нэг юм.

Засгийн газар ногоон шилжилтийг дэмжих хүрээнд орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий “Ногоон өртөө”-г үе шаттай байгуулна.

Үр дүнд нь Улаанбаатар хот, 21 аймгийг холбосон цахилгаан автомашины үндэсний корридор бий болно.

Дэд бүтэц бүрдсэнээр:

▪️ 2030 он гэхэд 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэнэ;

▪️ Эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн CO₂ ялгарлыг бууруулна;

▪️ Шатахууны импортын зардлыг жилд ойролцоогоор 200 сая ам.доллараар бууруулах боломж бүрдэнэ;

▪️ Иргэдээс гадна ачаа тээвэр, ложистикийн компаниудын үйл ажиллагааны зардлыг бууруулах шинэ боломж нээгдэнэ.

Төр бүхнийг өөрөө хийх бус хувийн хэвшлийн шинэ санаачилга, технологийн шийдэлд зам нээж, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх бодлого Засгийн газраас баримталж байна.

Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар 1,400 орчим км холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршиж, ногоон шилжилтийг бодит ажил болгосон “Монложистикс Групп”, “Ньюком ХХК”-ийн хамт олон, жолооч, инженер, техникийн ажилтнууд болон туршилтад оролцсон нийт хамт олонд талархал илэрхийлье.

Ногоон шилжилт бол зөвхөн байгаль орчны бодлого биш.

Шатахууны импортын хамаарлыг бууруулж, тээврийн өртгийг хэмнэж, Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН