Нүүр хуудасМэдээТатвар нэмснээс шалтгаалж шатахууны үнэ өссөн

Татвар нэмснээс шалтгаалж шатахууны үнэ өссөн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар  Улсын бүртгэлийн багц хууль болон шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсч, хэлэлцсэн байна. Энэ долоо хоногт  УИХ-ын чуулганаар Улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл болон эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг  хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Энэ хуулийг сонгуулийн хуультай  уялдуулан хэлэлцэх нь зүйтэй гэж  АН-ын бүлэг үзсэн байна.

Сонгуулийн үеэр иргэдийн суурьшлын бүртгэл давхардах, бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал их гардаг.  Одоо мөрдөгдөж байгаа хуулиар улсын бүртгэл, оюуны өмчийн асуудлыг нэгтгэчихсэн_ Уг нь Энэ хоёр асуудал тусдаа зохицуулагдах ёстой. Эд хөрөнгийн бүртгэлийн хуулиар олон байртай бол яаж шийдвэрлэх, эд хөрөнгийн үнэлгээг дагасан олон хураамжийг хэрхэн зохицуулах, цахим бүртгэлд оруулж байгаагийн давуу, сул тал нь юу байх гэх мэт ярилцах асуудал олон байна. Тиймээс хуулийг яаравчлан оруулж ирж байгаа нь буруу гэж АН-ын бүлэг үзэж байна. Өнөөдрийн хурлаар мөн сүүлийн үед үүсээд байгаа шатахууны асуудлыг хэлэлцжээ.  Шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн зэрэг асуудал иргэдийг маш их бухимдуулж байна. АН-ын бүлгээс ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр илэрч байна гэж үзэж байна. Үүний хамгийн том жишээ нь, шатахууны зохиомол, хиймэл хомсдол.  Хэдийгээр Засгийн газар 41 хоногийн шатахууны нөөцтэй гэж байгаа ч бодит байдал дээр зохиомол хомсдол үүсч, зарим нэр төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Тухайлбал, гурил 90-120 төгрөг, мах дунджаар 1000 төгрөг, шатахуун 150-200 төгрөг, хүнсний ногооны үнэ өссөн байна. Хэрэв эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг өсөлттэй, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум төгрөгийн нөөцтэй байгаа нь үнэн юм бол бол үнэ нэмэгдэх шалтгаан үүсэхгүй байх байсан гэж мэдэгдлээ

Шатахууны онцгой албан татварыг нэмсэн нь бодит нөхцөлд цагаа олоогүй шийдвэр байсан.  Судалгаараар нэг литр шатахууны үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдэх болж байна. Энэ 300 төгрөгийн 100 төгрөг нь дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой бол үлдсэн 200 төгрөг нь цэвэр татвараас шалтгаалсан нэмэгдэл юм. Тиймээс Засгийн газар богино хугацаанд үнэ өсгөж байгаа татварын асуудлаар импортлогч компаниудтай ярилцаж, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэйг хэллээ

Ардчилсан намын бүлэг хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу татварын асуудлаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлагатай гэдэг хугацааг бид нарийн заасан байгаа.

Хэрэв энэ үнийн өсөлтийг сааруулах чиглэлд Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө.Мөн УИХ  татвар нэмсэн асуудлыг эргэн харж, эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН