Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Цахим болон зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

ХЗДХЯ: Цахим болон зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2026.09.11/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Коммунист намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын яамны дэд сайд Ле Ван Туен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн байдлаар бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, цаашид цахим гэмт хэрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

БНСВУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын яамны дэд сайд Ле Ван Туен цагдаа, хууль сахиулах болон сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль болон Вьетнамын Ардын цагдаагийн академийн сургалт, мэргэжлийн солилцоог нэмэгдүүлэх зорилттой байгаагаа тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний үйл ажиллагааг цахимжуулах, хуурамч бичиг баримтыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр мэдээлэл, туршлага солилцохоор санал нэгдлээ. Мөн хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, цахим болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН